ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ГАЗРЫН ЗАХИРАЛ ШЕЙХ АБДУЛЛА БИН АЛИ БИН ХАЛИФА АЛЬ-ХАЛИФА-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яамны Хоёр талын асуудал хариуцсан газрын захирал Шейх Абдулла бин Али бин Халифа Аль-Халифа-тай 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яаманд уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэ өдөр Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Элчин сайдын зүгээс хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлал, боловсролын салбарт түлхүү хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Бахрейн Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх хүрээнд “Bahrain Food Holding Co-Mumtalak”-тай хамтын ажиллагааг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Бахрейны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Мунира Нофар Аль-Досери-тай хийсэн уулзалтын үеэр яригдсан зүйлсийн талаар танилцуулж, ажил хэрэг болгохын төлөө байгаагаа нотлов.
Түүнчлэн тэрээр 2025 оны 10 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейны Хаант Улсад зохион байгуулагдах “Азийн залуучуудын III наадам”-д Монгол Улсын баг, тамирчдыг уг наадамд удирдан оролцуулах ахлагчаар Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал томилогдсон талаар мэдээлж, Монгол Улсын баг, тамирчид тус наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн Бахрейны Хаант Улс жил бүрийн 1 дүгээр сарын 28-ны өдрийг “Энх тайвнаар зэрэгцэн орших” өдөр болгох тогтоолын төслийг НҮБ-аар батлуулахад Монгол Улс хамтран зохиогчоор оролцсонд баяртай байдаг бөгөөд цаашид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.
Захирал Шейх Абдулла бин Али бин Халифа Аль-Халифа Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Эрхэм дээд Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглээд уулзалтын үеэр яригдсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд “Азийн залуучуудын III наадам”-д Монгол Улсын баг, тамирчид оролцох хүрээнд хамтран ажиллах, Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлж, холбогдох байгууллага хооронд холбоо тогтоох болон цаашид бусад хамтын ажиллагааны асуудлаар нягт холбоотой ажиллахаар тохиров.