images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ДАРГА МУНИРА НОФАР АЛЬ-ДОСЕРИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-04-23

9

​Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэнд эрхт Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга Мунира Нофар Аль-Досери-тай 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайдын хувьд Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч танилцуулахын зэрэгцээ Монгол Улсаас Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүний экспорт эхэлсэн талаар мэдээлж, цаашид Бахрейны Хаант Улсад хийх махны экспортыг эхлүүлэх чиглэлээр ажиллахаа тэмдэглэв.

​Түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр, дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд нарын Бахрейны Хаант Улсад хийсэн ажлын айлчлалын мөрөөр хоёр улсын хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”, “Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах, мөн хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, анхдугаар хамтарсан бизнес форумыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

​Мөн хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хамтын ажиллагааны механимзмуудын нэг болох Засгийн газар хоорондын комиссыг хоёр талд харилцан байгуулж, анхдугаар уулзалтыг зохион байгуулах, үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яамд хоорондын II Зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

​Азийн газрын дарга Мунира Новар Аль-Досери Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэн ажлын амжилт хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Элчин сайдын ажилд Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хоёр талд харилцан Засгийн газар хоорондын комисс байгуулах, мөн байгуулах явцдаа буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх зэрэг асуудалд Элчин сайдтай санал нэгдэн дэмжиж байгаагаа илэрхийлж, асуудлыг судлан үзэж, хариу ирүүлэхээ нотлов.