ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ХААН ХАМАД БИН ИСА АЛЬ-ХАЛИФА-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Аль-Сахир ордонд өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Элчин сайд П.Сэргэлэн Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, зам тээвэр, иргэний нисэх зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайдын хувьд хоёр улсын хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” болон харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр зэрэг баримт бичгийг байгуулах, мөн Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулан ажиллахаа нотлов.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нар Бахрейны Хаант Улсад хийсэн ажлын айлчлалын мөрөөр ажиллаж, энэ үеэр яригдсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа тэмдэглэв.
Хаан Хамад бин Иса Аль-Халифа Элчин сайд П.Сэргэлэнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орж буй явдалд баяр хүргээд цаашид Бахрейны Хаант Улсын Засгийн газар болон Гадаад хэргийн яамны зүгээс Элчин сайдын үйл хэрэгт бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн зэрэгцээ Элчин сайдын ажиллах хугацаанд Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагаа тэлж, шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.