ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭЭД ХОРООНЫ ДАРГА БӨГӨӨД КАТАР МЕДИА СИТИ-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖАССИМ МУХАММАД АЛЬ-ХОРИ-ТОЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Катар Эдийн засгийн форумыг зохион байгуулах Дээд хорооны дарга бөгөөд Катар хэвлэл мэдээллийн хот (Qatar Media City)-ын гүйцэтгэх захирал Жассим Мухаммад Аль-Хори-той уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн ирэх сард Доха хотноо зохион байгуулагдах бүс нутгийн томоохон арга хэмжээний нэг болох Катар Эдийн засгийн форумд Монгол Улсаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцохоор болсон талаар мэдэгдэж, форумын хөтөлбөр болон бусад логистикийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр зохион байгуулагдах уулзалт, арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашид Катар Медиа Сити-тэй харилцан туршлага судлах, Монгол Улсын залуу сэтгүүлч нарыг тус хэвлэл мэдээллийн хотод мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, контент бүтээгчдийг дэмжих хамтарсан хөтөлбөр зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрч, маш хурдацтай хөгжиж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг мэдээлж, цаашид хоёр улсын түүх, нүүдэлчдийн ёс заншил, өв соёлыг харуулсан контент бэлтгэж, олон улсад таниулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа тэмдэглэж, энэ талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Гүйцэтгэх захирал Жассим Мухаммад Аль-Хори Катар Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага доор ажилладаг Катар Медиа Сити нь дэлхийн олон улсын хэвлэл мэдээллийн компаниуд, контент бүтээгчид, сэтгүүлч болон шинийг санаачлагч хүмүүсийн дэлхийн төв болж, Доха хотоос үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж, удирдан чиглүүлдэг байгууллага бөгөөд CNN, Euronews, Bloomberg зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудтай хамтран ажилладаг болохыг мэдээлж, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж, сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх, хамтарсан контент бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлэв.
Мөн 2025 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Доха хотноо зохион байгуулагдах Катар Эдийн засгийн форумд Монгол Улсаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцох болсныг талархан хүлээн авч, хөтөлбөр, логистик, зохион байгуулалтын асуудлаар шууд холбоотой ажиллаж, төлөвлөж буй айлчлалыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар хамтран ажиллахаа нотлов.