images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЭЛЧИН САЙД ИБРАХИМ БИН ЮСЕФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-04-16

9

​Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Элчин сайд Ибрахим бин Юсеф Фахру-тай уулзаж, төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний асуудлаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Ёслолын газрын дарга Ибрахим бин Юсеф Фахру-д Элчин сайдын яамны байнгын идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, холбогдох албаны уулзалтуудыг цаг тухай бүр шуурхай зохион байгуулж өгдөгт талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлыг монголын талаас бүрэн хангах шатандаа орж буй талаар мэдээлж, айлчлалын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд, айлчлалын хөтөлбөр, энэ үеэр байгуулах баримт бичгүүд болон ёслолын чиглэлийн үйл ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

​Түүнчлэн айлын талаас хүлээгдэж буй зарим айлчлалын асуудлаарх албан бичгүүдийн хариуг ойрын хугацаанд ирүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэхийн зэрэгцээ бэлтгэл ажлыг бүрэн хангаж, айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газартай нягт холбоотой ажиллахаа нотолж, айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

​Ёслолын газрын захирал Ибрахим бин Юсеф Фахру энэхүү айлчлалын бэлтгэл эртнээс хангагдаж, айлчлалын үеэр байгуулах баримт бичгүүдийг эцэслэх хүрээнд Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын холбогдох бүхий л салбар хариуцсан сайд нартай уулзалтуудыг зохион байгуулж, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, байгаль орчин, батлан хамгаалах, нийгэм хамгаалал, гааль, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг үндсэндээ бүхий л салбарын 18 баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсоныг сайшааж, айлчлалын үеэр дээрх баримт бичгүүдийг бүгдийг нь байгуулахыг чухлыг онцолж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх эдгээр баримт бичгүүдийн үр дүнд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдийг айлчлалын үеэр Доха хотноо зохион байгуулахыг Катар Улсын тал талархал хүлээн авч байгааг тэмдэглэж, зохион байгуулалтад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэхийн зэрэгцээ Катар Улсын холбогдох дээд, өндөр түвшний албан тушаалтнуудтай зөвшилцөж, хүлээгдэж буй албан ёсны хариуг дипломат шугамаар ойрын хугацаанд хүргүүлэхээ нотлов.

​Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалтай болж, талууд айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах, айлчлалыг үр дүнтэй, агуулгатай байхад анхаарч, нягт хамтран ажиллахаар тохиров.