images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-04-16

10

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Захирлуудын зөвлөлийн гишүүн Абдулрахман бин Абдулжалийл Аль Абдул Гани, Абдулла бин Мухаммад Абдул Рахим Аль-Емади болон Захирлуудын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Бассам Салман нартай уулзаж, хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2023 онд хоёр улсын хамтарсан анхдугаар бизнес форум, 2024 онд хамтарсан анхдугаар аялал жуулчлалын форумыг тус тус зохион байгуулсан нь хоёр улсын бизнес эрхлэгчид хооронд холбоо тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсныг онцлон тэмдэглэв. Цаашид хоёр улсын илүү олон салбарын бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг эхлүүлэх хүрээнд 2025 оны 5 дугаар сард

Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр хамтарсан хоёрдугаар бизнес форумыг зохион байгуулж, хоёр талаас уул уурхай, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг салбарын төлөөллүүд оролцуулах саналтай байгаагаа илэрхийлж, бизнес форумын бэлтгэл ажлын асуудлаар санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын хувийн хэвшил хооронд хамтран ажиллах боломжтой салбарууд, Монгол Улсаас Катар Улсад экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний талаар санал солилцов. Мөн Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдэж, энэ оны 5 дугаар сард Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр Монгол махыг Катар Улсын зах зээлд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, нээлтийн арга хэмжээнд урив.

Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ТУЗ-ын гишүүдийн зүгээс төлөвлөж буй айлчлалын үеэр зохион байгуулах хоёрдугаар бизнес форумыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ нотлохын зэрэгцээ цаашид Монгол, Катарын бизнес эрхлэгчдийг холбож, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Катарын хамтарсан хоёрдугаар бизнес форумыг 2025 оны 5 дугаар сард зохион байгуулах хүрээнд хоёр талд бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тохиров.