images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРА СОЁЛЫН САНГИЙН ЗАХИРАЛ ДР. ХАЛИД БИН ИБРАХИМ АЛЬ-СУЛАЙТИ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-04-16

8

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр КАТАРА соёлын сангийн захирал Др. Халид бин Ибрахим Аль-Сулайти-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон Доха хотноо урлагийн тоглолт зохион байгуулах асуудлаар санал солилцов.

​Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн КАТАРА соёлын сангийн захирал Др. Халид бин Ибрахим Аль-Сулайти-д хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Элчин сайдын яамтай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2025 оны 5 дугаар сард Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр Катар Улсын Дуурийн театрт Монгол Улсын түүх, соёлыг Катар иргэдэд сурталчлан таниулах Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолтын зохион байгуулалтын асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн энэхүү тоглолтын үеэр уламжлалт Монгол зан заншил, өв соёл, түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэн толилуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

​Түүнчлэн айлчлалын үеэр байгуулах КАТАРА соёлын сан болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хоорондын Санамж бичгийг эцэслэх хүрээнд хариу төслийг ойрын хугацаанд ирүүлэхийг хүсэхийн зэрэгцээ цаашид КАТАРА соёлын сантай соёлын салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд ойр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

​КАТАРА соёлын сангийн захирал Др. Халид бин Ибрахим Аль-Сулайти Монгол, Катарын соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолтыг Катар Улсын Дуурийн театрт амжилттай зохион байгуулахад тус сангийн захирлын хувьд бүх талаар дэмжлэг үзүүлж, Элчин сайдын бүхий л хүсэлтийн дагуу ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Мөн төлөвлөж буй айлчлалыг амжилттай зохион байгуулж, энэ үеэр Монгол Улсын түүх, соёлыг Катар Улсын иргэдэд таниулахын чухлыг онцлон тэмдэглэв.

​Талууд Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолтыг Катар Улсын Дуурийн театрт зохион байгуулах хүрээнд нягт хамтран ажиллах, мөн энэ үеэр Монгол Улсын түүх, соёлыг харуулах уран зургийн үзэсгэлэн үзэгчдэд толилуулахаар тохиролцов.