images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХЭЛТСИЙН ДАРГА ХИССА АЛЬ-КУВАРИ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-04-16

9

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Хисса Аль-Кувари-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ оны 5 дугаар сард Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр тохироод буй дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэлийг хангах, энэ хүрээнд харилцан төслийг солилцоод буй соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, байгаль орчин, батлан хамгаалах, нийгэм хамгаалал, гааль, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг нийт 10 гаруй салбарын 18 баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахад бэлэн болгох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр талаас харилцан тохиролцоод буй бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн баталгаажуулалтыг ирүүлэхийг хүсэв. Мөн дээрх баримт бичгүүдийг эцэслэн тохирох хүрээнд Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын холбогдох салбарын сайд нартай хоёр талын уулзалт хийж, айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохирсон болохыг тэмдэглэж, эдгээр баримт бичгүүдийн явцын талаар санал солилцов.

​Зүүн хойд Азийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Хисса Аль-Кувари төлөвлөж буй айлчлалыг амжилттай хэрэгжүүлэх, нэн ялангуяа айлчлалын үеэр байгуулахаар төлөвлөж буй 18 баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх чиглэлээр Катар Улсын холбогдох яам, байгууллагуудтай болон Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

​Талууд төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах бүхий л баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэх, энэ хүрээнд, айлчлалыг баялаг агуулгатай, үр дүнтэй байлгахад анхаарал хандуулж, тогтмол холбоотой ажиллахаар тохиров.