ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН АЛЬ-ЖАХРА ХОТЫН ЗАХИРАГЧ ХАМАД БИН ЖАССИМ МУХАММАД АЛЬ-ХАБИШИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Кувейт Улсын Аль-Жахра хотын захирагч Хамад бин Жассим Мухаммад Аль-Хабиши-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг мэдээлж, энэ хүрээнд Элчин сайдын яамны зүгээс хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар болон Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын талаар танилцуулав. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Кувейт Улсад ойрын хугацаанд айлчлахаар төлөвлөж байгааг мэдэгдэж, энэ үеэр хоёр талд уулзалт зохион байгуулж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох саналтай байгааг тэмдэглэв.
Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Кувейт Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй урлагийн тоглолт, Монгол үндэсний хоолны фестиваль болон бусад арга хэмжээг Аль-Жахра хоттой хамтран зохион байгуулж, хотын оршин суугчдад толилуулах саналыг тавихын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлж, энэ хүрээнд Өвөрхангай аймаг, Аль-Жахра хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоон хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах санал тавьж, хотын захирагч Хамад бин Жассим Мухаммад Аль-Хабаши-г тааламжтай цагтаа Монгол Улс, тэр дундаа Өвөрхангай аймагт айлчлахыг урив.
Хотын захирагч Хамад бин Жассим Мухаммад Аль-Хабаши Монгол үндэсний урлагийн тоглолт, хоолны фестиваль зэрэг арга хэмжээг Аль-Жахра хотын түүх, соёлын томоохон хэсэг болох “Улаан ордон”-д зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг мэдэгдэж, хоёр хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоох Санамж бичгийн төслийг дипломат шугамаар буюу Гадаад хэргийн яамаар дамжуулан ирүүлэх тохиолдолд судлан үзэж, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Кувейт Улсад айлчлах үеэр хүлээн авч уулзаж, Аль-Жахра хотын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцуулах боломжтойг тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Кувейт Улс руу мах экспортолж эхэлснийг сайшааж, хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.