images

ЭНХ ТАЙВНААР ЗЭРЭГЦЭН ОРШИХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙН ТОГТООЛЫГ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙГААР БАТЛУУЛАХАД МОНГОЛ УЛС ХАМТРАН ЗОХИОГЧООР НЭГДСЭНД ТАЛАРХАЖ, БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2025-03-19

19

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Бахрейны Хаант Улсын санаачилгын дагуу жил бүрийн 1 дүгээр сарын 28-ны өдрийг Энх тайвнаар зэрэгцэн орших Олон улсын өдөр болгон зарласантай холбогдуулан Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Энх тайвнаар зэрэгцэн орших дэлхийн төв (King Hamad Global Center for Peaceful Coexistence) 3 дугаар сарын 17-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, энэ үеэр Монгол Улс дээрх тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран зохиогчоор нэгдсэнд талархал илэрхийлж, Элчин сайд П.Сэргэлэнд Батламж гардуулав.

​​​​​​Бахрейны Хаант Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд бөгөөд тус төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Др. Абдулла бин Ахмед Аль-Халифа батламж гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт энэхүү тогтоолыг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран зохиогчоор нэгдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид ч Монгол Улстай хоёр талын төдийгүй олон улсын тавцанд хамтын ажиллагааг нягт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

​Энэ үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалын хүрээнд Бахрейны Хаант Улсын санаачилсан энэхүү тогтоолд Монгол Улс хамтран зохиогчоор нэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Энх тайвнаар зэрэгцэн орших Олон улсын өдөр нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд нийцэж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох, шашин шүтлэг, арьсны өнгө, хэл, хүйс, бусад үзэл бодлыг үл харгалзан энх тайвнаар зэрэгцэн оршиход ихээхэн чухал нөлөө үзүүлэхүйц тогтоол болсныг сайшааж, Монгол Улс цаашид НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Бахрейны Хаант Улстай хамтран ажиллахаа нотлов.

Арга хэмжээнд Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн болон Бахрейны Хаант Улсын төрийн өндөр албан тушаалтнууд зэрэг 100 гаруй зочид оролцож, Монгол Улсын гадаад бодлого бүс нутгийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэв.