images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЛЬ-ЖОХАРА ЮСЕФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-02-25

19

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Катар Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсеф Фахру-тай Доха хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Элчин сайдын яамны 2024 онд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаарх танилцуулгыг гардуулж, Элчин сайдын яамны зүгээс 2025 хэрэгжүүлэхээр төлөвлөж буй богино болон дунд хугацааны ажлуудын талаар товч танилцуулав.

Мөн Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Катар Улсын Хотын захиргааны яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг, МИАТ, Катар Эйрвэйс компани хооронд хамтран ажиллах Санамж бичиг болон Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр эцэслэн байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийн явцын талаар санал солилцож, эдгээр баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын товыг эцэслэн тохироход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Азийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсеф Фахру Элчин сайдын яам 2024 онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласныг сайшааж, 2025 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ болон айлчлалын товыг тохирох зэрэг асуудалд бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн тус газрын зүгээс төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын товыг тохирох, айлчлалын үеэр байгуулах баримт бичгүүдийг эцэслэх чиглэлээр Катар Улсын холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа тэмдэглэж, өөрсдийн талаас хүлээгдэж буй төслүүдийн хариуг богино хугацаанд хүргүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр талд байгуулах явцдаа буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүд болон айлчлалын товыг тохирох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиров.