images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ КАТАР ЭЙРВЭЙСИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-02-26

19

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Катар Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч Катар Эйрвэйсийн удирдлагуудтай тус байгууллагын төв оффис дээр уулзалт хийв. Уулзалтад Катар Эйрвэйсийн Аэрополитик ,зохицуулалтын албаны дарга Шейх Жассим бин Фахад Аль-Тани, Корпорацын асуудал хариуцсан дарга Эсмир Ганик, бүс нутаг хариуцсан менежер Мишаль Аль-Эшак болон Корпорацын асуудал хариуцсан албаны ажилтан Дана Салех Аль-Харун нар оролцов. ​​​​

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн 2023 онд Монгол Улсын 13 охид залуусыг Катар Эйрвэйс компани сургаж, бүхээгийн ажилтнаар ажилд авч байсан, мөн 2025 оны 4 дүгээр сард дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахаар болсонд талархалтай байгаагаа илэрхийлж, Элчин сайдын яамны зүгээс охид, залуусыг сонгон шалгаруулалтад идэвхтэй хамруулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар мэдээлэв.

Түүнчлэн хоёр улсын Иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд МИАТ компанийн инженер, техникийн ажилтнуудыг Катар Эйрвэйс компанид хоёр удаагийн сургалтад хамруулж, дэмжлэг үзүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид энэхүү сургалтыг тогтмолжуулж, илүү өргөн хүрээнд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа онцлов. Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, Катар Эйрвэйс компанийн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах санал, санаачилга гарган төслийг хүргүүлсэн талаар мэдэгдэж, ойрын хугацаанд эцэслэж, төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

​​Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 оны 3 дугаар сард байгуулсантай холбогдуулан Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хооронд шууд нислэг нээх ажлыг эрчимжүүлж, нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Катар Эйрвэйсийн зүгээс хоёр улсын хооронд шууд нислэг нээх асуудлыг хариуцсан менежментийн баг ажиллаж, олон төрлийн судалгаа хийгдэж байгааг мэдээлж, ойрын хугацаанд МИАТ, Катар Эйрвэйсийн хамтын ажиллагааг эхлүүлснээр хамтарсан онгоцны билетийн үйлчилгээ үзүүлэх, МИАТ-ийн онгоцнуудад Катар Улсын олон улсын нисэх буудалд үйлчилгээ үзүүлэх, мөн цаашид зорчигч, зорчигчийн ачаа, каргоны чиглэлд түлхүү хамтран ажиллаж, илүү өргөн хүрээтэй мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон хамтын ажиллагааны боломж нээгдэхийг онцлов.

​​​​​Катар Эйрвэйсийн удирдлагуудын зүгээс МИАТ компанитай байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн хариу төслийг ойрын хугацаанд хүргүүлж, төлөвлөж буй айлчлалаас өмнө эцэслэн тохирох, нисэхийн инженер, техник, бүхээгийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах боломжийг эрэлхийлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэхийн зэрэгцээ МИАТ, Катар Эйрвэйсийн хамтын ажиллагааг эхлүүлж, хоёр авиа компанийн удирдлагуудын хооронд уулзалт зохион байгуулж, дэлгэрэнгүй санал солилцох боломжтойг илэрхийлэв.