images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД САМИЙХ ИССА ЖОХАР ХАЯАТ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-02-03

18

​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Самийх Исса Жохар Хаяат-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны 2024 онд хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон энд онд тохиож буй Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй айлчлал, арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх махны экспортыг тогтворжуулах хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүдийг Кувейт Улсад айлчлуулж, уулзалт зохион байгуулж, Санамж бичиг байгуулах хүсэлтэй байгааг тэмдэглэв.

​Мөн Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг 50 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулах, хоёр улсын хамтын ажиллагааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх замын зураглалыг ойрын хугацаанд эцэслэн байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.

​Азийн асуудал хариуцсан Туслах сайд Самийх Исса Жохар Хаяат Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу махны экспортыг эхлүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллаж байгааг сайшааж, манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд бүхий л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг цаг алдалгүй зохион байгуулахын чухлыг онцолж, ойрын хугацаанд товыг тохирох чиглэлээр ажиллахаа нотлов.