ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ КУВЕЙТИЙН САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ВАЛИЙД АЛЬ-БАХАР-ТАЙ УУЛЗАВ
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах хүрээнд тус улсад ажиллах үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-тай 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Кувейтийн сангийн төв байранд уулзав. Уулзалтад Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн, ЭСЯ-ны III НБД Ч.Батмэнд, атташе Б.Хүрэлбат, Зам, тээврийн яамны мэргэжилтэн Д.Мэндбаяр, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Халид, Зүүн өмнөд Ази, Далайн орнууд хариуцсан газрын захирал Юсеф Аль-Бадр нар оролцов.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан 2024 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Найрамдал” медаль гардан авсанд дахин баяр хүргэв. Түүнчлэн Улаанбаатар-Хархорум хотын чиглэлд авто замын төслийн эхний хэсгийг Кувейтийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Булангийн бусад орнууд болон олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудыг төсөлд татан оролцуулж, хэсэгчилсэн байдлаар санхүүжилт татах, мөн Кувейтийн сангийн санхүүжилтээр анхан шатны судалгааны ажлуудыг хийх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар Кувейтийн сан бусад Булангийн зөвлөлийн хамтын ажиллагааны орнуудын сангуудтай байнгын холбоотой хамтран ажилладгийн хувьд төсөлд эдгээр сангуудын татан оруулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Арабын зохицуулалтын групп (Arab Coordination Group)-тэй энэ асуудлаар холбоо тогтоож, хамтран ажиллахын чухлыг онцолж, тус төслийн ТЭЗҮ бэлэн болсон тохиолдолд төслийн техникийн багийг Кувейт Улсад урьж, уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа нотлов. Мөн Улаанбаатар хотноо төсөлд хамтран оролцох боломжтой сангуудыг хамарсан уулзалт зохион байгуулах боломжийг эрэлхийлэн ажиллах нь чухал болохыг тэмдэглэж, Кувейтийн сангийн зүгээс төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах өөрсдийн талаас бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов.