images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ ЭЙРВЕЙС КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АБДУЛМОХСЕН САЛЕМ АЛЬ-ФАГААН-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-01-08

21

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Үндэсний тээвэрлэгч Кувейт Эйрвейс компанийн Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга Абдулмохсен Салем Аль-Фагаан-тай 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Кувейт Эйрвейсийн төв байранд уулзав.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспорт эхлээд буй талаар болон хоёр улсын аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэв. Түүнчлэн ойрын хугацаанд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж буй талаар мэдээлж, энэ хүрээнд цаашид МИАТ ТӨХК, Кувейт Эйрвейсийн хооронд Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх санал тавив.

​Ерөнхий захирал Абдулмохсен Салем Аль-Фагаан Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтын ажиллагааг эхлүүлж, баримт бичиг байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид туршлага солилцож, бусад төрлийн техникийн тусламж үзүүлэн хамтран ажиллах боломжтой бөгөөд зөвхөн Кувейт Улсаас төдийгүй бусад Европын орнуудаас Монгол Улс руу зорчиж буй аялагч, бизнес эрхлэгчдийг Кувейт Эйрвейс тээвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

​Талууд МИАТ, Кувейт Эйрвейс хооронд хамтран ажиллах Санамж бичгийн төслийг солилцож, ойрын хугацаанд эцэслэн байгуулах, мөн Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсны дараагаар хоёр улс хооронд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиров.