МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ ТҮҮХТ 113 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийн ойн баярыг тохиолдуулан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайдын өргөөнд хүлээн авалт зохион байгуулав.
Монгол Улсын өв соёл, үндэсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Кувейтийн улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн зэрэг 30 гаруй зочдод зориулан энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын талаарх контент бэлтгэн толилуулахын зэрэгцээ азтан шалгаруулж, үндэсний үйлдвэрлэгч Говь ХХК, Гоёл Трэйд ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүнүүдийн дээжээс бэлэг болгов.
Түүнчлэн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсад хөрөнгө оруулах таатай орчин, монголын үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн талаар товч танилцуулга хийж, хамтын ажиллагааг эхлүүлэх боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Ирсэн зочид болох Кувейт Улсын улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зүгээс энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж байх хүсэлт тавьж байсан нь онцлогтой байв.