images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ ДЭД САЙД ХАЛИД ЖАССИМ АЛЬ-ЯССИН-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-12-15

40

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн туслах дэд сайд Халид Жассим Аль-Яссин-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны 2024 онд хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар танилцуулав. Мөн 2025 онд тохиох Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.

Үүнээс гадна 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д аваачих замын зураглал, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэх “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулж, Монгол, Кувейтийн ГХЯ-д хоорондын Улс төрийн IV зөвлөлдөх уулзалтыг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, мөн өндөр, дээд түвшинд харилцан айлчлал зохион байгуулах боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиров.

Азийн асуудал эрхэлсэн туслах дэд сайд Халид Жассим Аль-Яссин Элчин сайдын яам 2024 онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон ажлууд хийж хэрэгжүүлсэн, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болохуйц Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлсэнд баяр хүргэж, цаашид экспортыг улам нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д аваачих замын зураглалын төслийг эрх зүйн хүрээнд боловсронгуй болгохоор ажиллаж байгааг мэдээлж, энэ хүрээнд 50 жилийн ойн үеэр хоёр талаас эцэслэж, гарын үсэг зурахад бэлэн болгохоор тохиров. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Кувейт Улсын холбогдох албаны хүмүүстэй Элчин сайдын уулзалтуудыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажиллахаа нотлов.

Талууд 2025 онд хоёр улсын харилцааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д аваачих замын зураглал, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулж, харилцан өндөр, дээд түвшинд айлчлал зохион байгуулах, хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Эль-Кувейт хотноо зохион байгуулахаар тохиров.