ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЛЬ-ЖОХАРА ЮСЕФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Катар Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсеф Фахру-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын 2024 оны Парламентын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар бүрдэж, Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хүрээнд хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай товч мэдээлэв. Түүнчлэн ирэх онд Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд түвшний айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээр, байгууллага хоорондын Санамж бичгүүдийн явцын талаар санал солилцож, ойрын хугацаанд баримт бичгүүдийг эцэслэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Элчин сайдын яам Монгол Улсаас Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэхээр ажилласны үр дүнд Кувейт Улсад анхнхы экспортыг эхлүүлсэн бөгөөд Катар Улсад экспортлоход шаардлагатай холбогдох бүхий л процедурыг дуусгаж, дээрх айлчлалын үеэр Катар Улсын зах зээлд танилцуулахад бэлэн болоод байгааг мэдээлэв.
Азийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсеф Фахру хоёр улсын хооронд нийт 17 баримт бичгүүдийг байгуулахаар харилцан төслөө солилцоод байгаа бөгөөд төслүүдийг ойрын хугацаанд эцэслэх хүрээнд холбогдох яамд, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа мэдээлэв. Мөн тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй Элчин сайдын хүчин чармайлтад талархалтай байгаа бөгөөд Монгол Улаас Катар Улс руу халал махны экспорт эхэлснээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгааагаа илэрхийлэхийн зэрэгцээ ирэх онд Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд түвшний айлчлалын бэлтгэл ажлыг хангахад өөрийн зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов.
Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх 17 баримт бичгүүдийг айлчлалаас өмнө эцэслэх, айлчлалын үеэр зохион байгуулах уулзалт, арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын хүрээнд нягт хамтран ажиллахаар тохиров.