images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ БИН ЮСЕФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2024-12-10

39

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэнд эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Катар Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсеф Абдулла Фахру-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Ёслолын газрын захирал Ибрахим бин Юсеф Абдулла Фахру-д Катар Улс 2024 онд олон дээд, өндөр түвшний айлчлал хүлээн авч, олон улсын хурал, арга хэмжээг зохион байгуулж, мөн 2024 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Катар Улсын Эрхэм дээд Эмир Тамим бин Хамад Аль-Тани-гийн ивээл дор 140 орны 4600 гаруй төлөөлөгч оролцсон олон улсын нэр хүндтэй томоохон арга хэмжээ болох “Доха форум 2024”-ыг байгуулсанд баяр хүргэв. Түүнчлэн Элчин сайдын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан айлчлал хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглээд ирэх онд Монгол Улсаас Катар Улсад хийхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалын товыг эцэслэн тохирох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд холбогдох уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх хүрээнд Кувейт Улсад анхны махны экспорт энэ оны 10 дугаар сард хийгдэж эхэлсэн талаар мэдээлж, төлөвлөж буй айлчлалын үеэр Катар Улсад хийх махны экспортыг эхлүүлж, Монгол органик махыг Катар Улсын зах зээлд танилцуулахад бэлэн болсон талаар мэдээлэв.

Ёслолын газрын захирал Ибрахим бин Юсеф Абдулла Фахру Элчин сайдыг хоёр улсын харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, энэ хүрээнд махны экспортыг эхлүүлэхэд бэлэн болоод буйд баяр хүргэж, цаашид манай хоёр улсын хамтын ажиллагаа энэхүү экспортын үр дүнд шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан айлчлал хийх нь чухал гэдэгтэй Элчин сайдтай санал нэг байгаагаа тэмдэглэж, ирэх онд хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын товыг ойрын хугацаанд эцэслэн тохирох, энэ хүрээнд Катар Улсын дээд, өндөр түвшний холбогдох төлөөлөгчидтэй уулзалтуудыг зохион байгуулж өгөхөө нотлов.