images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ САЙД АБДУЛМОХСЕН Ж. АЛЬ-ЗАИД-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-12-05

95

 

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн туслах сайд Абдулмохсен Ж. Аль-Заид-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны 2024 онд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулав. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнүүд, энэ үеэр хоёр талд харилцан өндөр түвшний айлчлалууд зохион байгуулах, Монгол, Кувейтийн харилцааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замын зураглал болон шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэх “Агаарын харилцааны тухай Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд Кувейт Улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Ёслолын асуудал эрхэлсэн туслах сайд Абдулмохсен Ж. Аль-Заид Элчин сайд П.Сэргэлэнд сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллаж, Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлсэнд баяр хүргэхийн зэрэгцээ ирэх онд тохиох 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд ойрын хугацаанд холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, айлчлалуудыг хэрэгжүүлэхэд болон Элчин сайдын яамны үйл ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.