images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАГАС АГНУУРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ НАССЕР МУХАММАД ТАКИ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2024-10-16

38

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загас агнуурын Ерөнхий газрын дэд захирал Нассер Мухаммад Таки-тай уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

May be an image of 2 people

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад анх удаагаа Монгол хонины сэврээсэн шинэ мах экспортлогдож, тус улсын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн талаар мэдээлж, цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, махны экспортыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлээр болон шаардлагатай гааль, хорио цээр, мал эмнэлгийн баримт бичгүүдийг хурдан шуурхай тохирч байх тал дээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсаас Кувейт Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлын хүрээнд хоёр талын Хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон мах экспортлох, импортлох аж ахуйн нэгжүүд хооронд уулзалт зохион байгуулж, нэг ширээний ард сууж, экспортыг хурдан шуурхай, тасралтгүй хийх чиглэлээр ажиллах саналтай байгааг илэрхийлэв.

Хөдөө аж ахуй, загас агнуурын Ерөнхий газрын дэд захирал Нассер Мухаммад Таки нь Элчин сайдын дурдсан бүхий л асуудал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2011 онд байгуулсан Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин уулзалт хийж, өмнөх хэлэлцээрийг хамтран нягтлан үзэх санал тавив.

Түүнчлэн талууд Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд харилцан айлчлал зохион байгуулах, махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бусад төрлийн органик бүтээгдэхүүн экспортлох, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах чиглэлээр нягт холбоотой хамтран ажиллахаар тохирч, энэ нь цаашлаад хоёр улсын Эдийн засаг болон Хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийг онцлов.