МОНГОЛ УЛСААС БУЛАНГИЙН ОРНУУД РУУ АНХ УДАА ХОНИНЫ СЭВРЭЭСЭН ШИНЭ МАХ ЭКСПОРТЛОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсаас Булангийн орнууд руу анх удаа хонины шинэ сэврээсэн мах экспортлогдож, Кувейт Улсын “United Universal Meat Trading & Food stuff” ХХК анхны дээжийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн үүрэг даалгавар, Засгийн газрын экспортыг дэмжих бодлогыг удирдлага болгон Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны 7 дугаар сараас эхлүүлэн Монгол Улсаас Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх чиглэлээр тууштай ажиллаж, Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг 2023 оны 12 дугаар сард Стандарт хэмжил зүйн газарт авч, Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газар, Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд энэхүү Халал гэрчилгээг 2024 оны 4 дүгээр сард бүртгүүлж, шаардлагатай хил, гааль, хорио цээр, эрүүл ахуйн, мал, амьтны олон улсын эмнэлгийн гэрчилгээ зэрэг бүхий л асуудлыг тохирсны үр дүнд ийнхүү өнөөдөр Кувейт Улсад шинэ хонины сэврээсэн мах бууж, тус улсын Carrefour, Monoprix гэх томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүдээр худалдаалахад бэлэн болоод байна.
Монгол Улс нь урьд өмнө бусад улс орнууд руу зөвхөн хөлдөөсөн мах экспортолдог байсан бол ийнхүү анх удаагаа нарийн технологиор бэлтгэж, сэврээсэн хонины шинэ Халал махыг түүхэндээ анх удаагаа Булангийн орнууд руу экспортолж буй нь энэ болоод байна.
Худалдан авагч талуудаас цаашид долоо хоног тутам 30-100 тонн хүртэлх хэмжээний хонины сэврээсэн мах экспортлох төлөвлөгөөтэй байгааг мэдээлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Эдийн засаг болон малчин ард түмэнд маань тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Элчин сайдын яамны зүгээс цаашлаад Катар Улс, Бахрейны Хаант Улс, Оманы Султант Улс, Йорданы Хашимитын Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай зөвшөөрлийг авч, бүртгэлийг хийлгэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, Монгол Улс, Булангийн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.