МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ КУВЕЙТИЙН САНД “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн тус санд “Найрамдал” медаль гардуулж, шагналыг Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар гардан авав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах ёслолын дараа тус сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзаж, Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан Тайширын усан цахилгаан станц барихад зориулж 19.78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулж, 58.26 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Гэмтэл согог үндэсний төвийн харьяа Түлэгдлийн эмнэлгийг барихад зориулж, 8 сая ам.долларын буцалтгүй тусламж, мөн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажилд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байсан явдалд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид тус сантай харилцан ашигтай дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон бусад харилцан сонирхсон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-ийн халуун дотно мэндчилгээг уламжилж, цаашид Монгол Улстай тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, чингэхдээ Булангийн орнуудын зарим сангуудтай хамтран Монгол Улсын Эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх бүрэн боломж байгааг тэмдэглэв.
Монгол Улс Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сантай 1996 оноос эхлүүлэн хамтран ажиллаж буй бөгөөд тус сангийн зүгээс Монгол Улсад нийт 78.04 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 18 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж тус тус олгоод байна.