images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАГАСНЫ НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ АБДУЛЛА АЛЬ-БАТАЛ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-09-10

187

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Нийтийн Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газрын Амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захирал Абдулла Аль-Батал-тай 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзав.

          Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Булангийн зөвлөлийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс Халал итгэмжлэл авч, Кувейт Улсын Хүнс тэжээлийн Ерөнхий газарт Халал гэрчилгээгээ бүртгүүлснээр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд цаашид мал аж ахуйн экспорт, мал эмнэлгийн гэрчилгээ тохирох, Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Нийтийн Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газар хооронд Санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

          Амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захирал Абдулла Аль-Батал тус газрын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, цаашид Монгол Улстай малын эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Мал эмнэлгийн Ерөнхий газар хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлэх, энэ хүрээнд тус газрын техникийн багийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.