ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА МУХАММАД БИН АХМАД ТВАР АЛЬ-КУВАРИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад бин Ахмад Твар Аль-Кувари-тай Доха хотноо уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухлыг онцлоод 2023 оны 3 дугаар сард Монгол, Катарын анхдугаар бизнес форум болон энэ оны 6 дугаар сард хамтарсан анхдугаар аялал жуулчлалын форум зохион байгуулах ажилд Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр Монгол, Катарын хоёр дахь бизнес форумыг зохион байгуулахаар төлөвлөж, энэ үеэр монголын томоохон, шилдэг аж ахуй нэгжүүдийн удирдлагууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж буй бөгөөд катарын талаас мөн адил оролцоог хангаж, Катар Улсын томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тал дээр онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан бизнес форумын үр дүнд хоёр талын хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа эхэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Халал гэрчилгээгээ Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд бүртгүүлсэн бөгөөд дээрх айлчлалын үеэр Катар Улсын зах зээлд нэвтрүүлэн махны дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх талаар мэдээлж, энэ тал дээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Тэргүүн Дэд дарга Мухаммад бин Ахмад Твар Аль-Кувари хоёр улсын хувийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тусам тэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, бизнес форумын бэлтгэлийг эртнээс хангах үүднээс Монгол, Катарын хоёр дахь хамтарсан бизнес форумд оролцох монголын талын төлөөлөгчдийн болон салбарын талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсэв. Мөн Катар Улсын шилдэгт тооцогдох томоохон аж ахуйн нэгжүүдийг энэхүү бизнес форумд оролцуулах тал дээр анхаарал хандуулж, бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.