images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА СААД БИН АЛИ АЛЬ-ХАРЖИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-30

84

Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Катар Улсын Аялал жуулчлалын газрын дарга Саад бин Али Аль-Харжи-тай Доха хотноо уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Аялал жуулчлалын газрын дарга Саад бин Али Аль-Харжи-д Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдуулан тус яамны чиг үүрэг өргөжсөн талаар товч мэдээлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан улс, орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, жуулчид татах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.

Мөн талууд 2023 онд Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, шууд нислэг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг мөн төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар хоёр талд харилцан тохиролцсоныг мэдээлэв. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яамнаас сүүлийн үед аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, энэ хүрээнд 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол, Катарын анхдугаар аялал жуулчлалын форумыг зохион байгуулж, форумын үеэр хоёр талын гурван аж ахуй нэгж хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсныг тэмдэглэв.

Аялал жуулчлалын газрын дарга Саад бин Али Аль-Харжи хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Төрийн тэргүүн болон бусад өндөр түвшний хүмүүс өндөр ач холбогдол өгдөг талаар тэмдэглэж, Элчин сайдын санаачилгуудыг бүрэн дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн аялал жуулчлалын салбарт мэргэжилтэн бэлтгэх, хоёр улсын түүх, соёлыг харуулсан, аялал жуулчлалыг дэмжих хамтарсан контент бэлтгэх боломжтойг дурдав.

Уулзалтын төгсгөлд талууд дээрх ярилцсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө нягт, холбоотой хамтран ажиллахаа харилцан илэрхийлэв.