ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЛЬ-ЖОХАРА ЮСУФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсуф Фахру-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн манай хоёр улсын найрсаг харилцаа жил ирэх тусам хөгжиж буйд баяртай байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, Элчин сайдын яамны хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулав.
Мөн төлөвлөж буй айлчлалын үеэр хоёр талын хамтарсан урлагийн тоглолт, бизнес форум зохион байгуулах, хоёр талд яригдаж буй баримт бичгүүдийг энэ үеэр эцэслэн байгуулах, айлчлалын хөтөлбөр болон түвшнийг тохирох, Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд Халал гэрчилгээгээ бүртгүүлсэнтэй холбогдуулан махны экспортыг эхлүүлж, айлчлалын үеэр Катарын зах зээлд худалдаалж эхлэх зэрэг асуудлуудаар санал солилцохын зэрэгцээ Катар Улс Монгол Улсын 5 оюутанд бүрэн тэтгэлэг олгохоор болсонд дахин талархал илэрхийлж, тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүсэлт болгов.
Азийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аль-Жохара Юсуф Фахру төлөвлөж буй айлчлалыг хүлээн авч, амжилттай зохион байгуулахад Катар Улсын тал ихээхэн чухал ач холбогдол өгч буй бөгөөд баримт бичгүүдийг эцэслэх, айлчлалын хөтөлбөрийг ойрын хугацаанд хүргүүлэх асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Мөн Элчин сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлууд үр дүнтэй байгаа нь манай хоёр улсын харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа болон хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байгаа бөгөөд цаашид нягт хамтран ажиллахаа нотлов. Уулзалтын төгсгөлд талууд төлөвлөж буй айлчлалаас 7 хоногийн өмнө бэлтгэл ажлын багтай Доха хотноо уулзалт хийхээр тохиров.