images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН СОЁЛЫН ЯАМНЫ СОЁЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД ДР. ГАНИМ БИН МУБАРАК АЛЬ-АЛИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-30

89

Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Катар Улсын Соёлын асуудал хариуцсан Туслах сайд Др. Ганим бин Мубарак Аль-Али-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Их хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар бүрдэж, Соёлын яамны чиг үүрэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон өргөжсөн талаар товч танилцуулж, сайд Ч.Номингийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 оны 3 дугаар сард Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилгоор Монгол үндэсний соёл, урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, загварын шоу, бизнес форумаас бүрдсэн “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Элчин сайдын яамны санаачилгаар Доха хотноо зохион байгуулсныг тэмдэглэв.

Мөн Катар Улсын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний музей хооронд 2023 оны 12 дугаар сард хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд Катарын түүх, соёл, үндэсний хэв маягийг харуулсан “On the move” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийснийг мэдээлэхийн зэрэгцээ Соёлын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төлөвлөж буй айлчлалаас өмнө эцэслэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Др. Ганим бин Мубарак Аль-Али Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд оролцохоор Катар Улсын Соёлын сайдын хамт Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан боловч дотоод ажлаас шалтгаалан айлчлал цуцлагдсан болохыг мэдээлэв. Мөн хоёр улсын соёлын салбар хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдгөө илэрхийлж, төлөвлөж буй айлчлалын үеэр Соёлын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараагаар хамтын ажиллагааны боломж, бололцоог судлуулах мэргэжлийн баг Монгол Улсад илгээх бодолтой байгаагаа мэдэгдэв.