images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРА САНГИЙН ЗАХИРАЛ ХАЛИД БИН ИБРАХИМ АЛЬ-СУЛАЙТИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-28

92

Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Катара Сангийн захирал Халид бин Ибрахим Аль-Сулайти-тай Доха хотноо уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн 2023 оны 3 дугаар сард Катар Улсын Доха хотноо урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу зэргээс бүрдсэн “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласанд талархал илэрхийлэв. Түүнчлэн талууд хоёр улсын соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Катара сан хооронд байгуулахаар яригдаж буй харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэж, Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр гарын үсэг зурах, мөн энэ үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолтыг Доха хотноо зохион байгуулах зэрэг ажлыг тохиролцов.

Катара Сангийн захирал Халид бин Ибрахим Аль-Сулайти төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалыг хүлээн авч, энэ үеэр баримт бичигт гарын үсэг зурах, хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулах асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд амжилттай зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.