ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ВАСАН АБДУЛЛА АЛЬ-БАКЕР-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдлын газрын дарга Васан Абдулла Аль-Бакер-тай уулзав. Уулзалтад ЭСЯ-ны атташе Б.Хүрэлбат, айлын талаас тус яамны Портын эрүүл мэнд, хүнсний хяналтын хэлтсийн дарга Халид Юсуф Ахмад Аль-Сулайти, Хүнсний аюулгүй байдлын зөвлөх Др. Наср Ахмад Хасанаин, Лабораторийн ахлах технологич Афра Мохсин Аль Яафей нар байлцав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын Халал гэрчилгээг Катар Улсын Нийтийн Эрүүл мэндийн яаманд бүртгэж, Монгол Улсаас Катар Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг олгосонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус улсын Нийтийн эрүүл мэндийн яамны цахим хуудсыг шинэчилж, Стандарт хэмжил зүйн газрыг нэмж, энэ асуудлаар албан бичиг ирүүлэхийг хүсэлт болгов. Түүнчлэн Монгол Улсаас Катар Улс руу бусад төрлийн органик хүнсний бүтээгдэхүүн экспортлох, төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр Катар Улсын зах зээлд монгол мах, махан бүтээгдэхүүн худалдаалж, хэрэглэгчдийн гарт хүргэх зэрэг асуудлаар санал солилцов.
Хүнсний аюулгүй байдлын газрын захирал Вассан Абдулла Аль-Бакер яамныхаа цахим хуудсан дахь мэдээллийг шинэчлэн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрыг нэмж, ойрын хугацаанд зөвшөөрөл олгосон тухай албан бичиг дипломат шугамаар болон цахим шуудангаар ирүүлэхээ мэдэгдэв. Мөн айлын талаас махны экспорт эхэлснээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашид бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.