images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ БИН ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-27

154

Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим бин Юсуф Абдулла Фахру-тай Доха хотноо уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Ёслолын газрын дарга Ибрахим бин Юсуф Абдулла Фахру-гийн Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнахаар болсон тухай мэдээлж, баяр хүргэв. Мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэлийг хангаж, уг айлчлалыын хөтөлбөрийг тохирох, хоёр улсын хооронд байгуулахаар яригдаж буй гэрээ, хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулах, энэ үеэр бизнес, урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Булангийн зөвлөлийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлэл хийлгүүлж, Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд бүртгүүлсэн бөгөөд төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр монгол махыг катарын зах зээлд нэвтрүүлэн тус улсын хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх чиглэлээр ажиллаж буй талаар мэдээлж, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ёслолын газрын дарга Ибрахим бин Юсуф Абдулла Фахру Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал медалиар шагнагдахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бүхий л зүйлсэд туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов. Мөн төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалыг үр дүнтэй байлгахын чухлыг онцолж, энэ үеэр зохион байгуулагдах бүхий л уулзалт, арга хэмжээнүүдийг ёслол төгөлдөр зохион байгуулахад өөрийн зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.