images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХАЛИД БИН МУХАММАД АЛЬ-АТТИЯА-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-26

104

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Халид Бин Мухаммад Аль-Аттияа-тай 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн дүнд Засгийн газар шинээр бүрдэж, Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт томилогдсон талаар танилцуулж, сайдын халуун дотно мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Монгол Улсын 20 хүртэлх цэргийн албан хаагч, оюутнуудыг Катар Улсын Цэргийн академи болон Цэргийн коллежид суралцуулах тэтгэлгийн асуудлаар санал солилцож, айлын талаас бүрэн дэмжин тэтгэлэг олгоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр талууд хоёр улсын Батлан хамгаалахын хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар санал солилцохын зэрэгцээ төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалыг зохион байгуулахад хамтран ажиллах, энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг болон Цэргийн албан хаагчдад Араб хэл заах тухай Зэвсэгт хүчин хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар тохиров.

Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Халид Бин Мухаммад Аль-Аттияа хоёр улсын Батлан хамгаалахын харилцаанд чухал ач холбогдол өгдгөө илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө өөрийн зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.