images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦЭРГИЙН АТТАШЕ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ АХМАД АЛИ АЛЬ-МЕХШАДИ АЛЬ-МААДИЙД-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-23

94

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, Бригадын генерал Ахмед Али Аль-Мехшади Аль-Маадийд-ийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн 2007 оноос эхлэлтэй Монгол, Катарын Батлан хамгаалахын харилцаа энхийг сахиулах, бие бүрэлдэхүүний сургалт, боловсон хүчин бэлтгэх, терроризмтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд шинээр бүрдсэн Монгол Улсын Засгийн газар болон шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайдын талаар товч танилцуулав.

Мөн хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр, Зэвсэгт хүчин хооронд Араб хэл заах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэх, цаашид харилцан сургалт зохион байгуулах, 20 хүртэлх тооны монголын цэргийн албан хаагчид болон оюутнуудыг тус улсын Цэргийн академи болон Цэргийн коллежид тус тус суралцуулах зэрэг асуудлуудаар санал солилцов.

Цэргийн атташе, Бригадын Генерал Ахмад Али Аль-Мехшади Аль-Маадий Элчин сайдтай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд цаашид хоёр улсын Батлан хамгаалах салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд хичээл зүтгэл гарган ажиллаж, уулзалтын үеэр санал солилцсон бүхий л зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа нотлов. Мөн тэрээр Элчин сайд П.Сэргэлэн болон Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Халид бин Мухаммад Аль-Аттияа нарын уулзалтын товыг тохирох чиглэлээр ажиллаж, хариу мэдэгдэхээ тэмдэглэв.