МОНГОЛ, КУВЕЙТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Монгол, Кувейтийн анхдугаар аялал жуулчлалын форумыг Кувейтийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Эль-Кувейт хотноо зохион байгуулав.
Форумыг нээж Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн, Кувейтийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гадаад харилцаа хариуцсан дарга Саид Ида болон Кувейтийн Мэдээллийн яамны Аялал жуулчлал хариуцсан газрын дарга Осама Аль-Михаил нар нээж үг хэлэв.
Элчин сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих бодлого, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулаад манай хоёр орон Агаарын харилцааны хэлэлцээр, Аялал жуулчлалын хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах, мөн Харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэхийн зэрэгцээ хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудыг B2B уулзалтууд хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бодитой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Элчин сайд энэхүү форумыг 2 жил тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж, дараагийн форумыг 2026 онд Улаанбаатар хотноо хийх тухай тэмдэглээд форумд оролцогчдод амжилт хүсэв.
Гадаад харилцаа хариуцсан дарга Саид Ида Монголын аялал жуулчлалын төлөөлөгчид Кувейт Улсад хүрэлцэн ирж, аялал жуулчлалын форумд оролцож байгаад талархал байгаагаа илэрхийлээд хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчид харилцан солилцоход энэхүү форум чухал алхам болохыг онцлоод форумд оролцогчид бизнес түншээ олж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Аялал жуулчлал хариуцсан газрын дарга Осама Аль-Михаил Монгол, Кувейтийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Элчин сайдын санал, санаачлагыг Кувейтийн Засгийн газрын түвшинд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монгол, Кувейтийн Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга З.Даваажав Монголын аж амьдрал, соёл, уламжлал болоод Монголын аялал жуулчлалын талаарх ерөнхий мэдээлэл, визний шаардлага зэргийн талаар илтгэл тавьсны дараагаар форумд оролцож буй Монголын аж ахуйн нэгж, компани тус бүр өөрсдийн үйл ажиллагаа, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.
Аялал жуулчлалын форумд Монголын аялал жуулчлалын компаниуд болох “Juulchin”, “Ragusa”, “A Star Mongolia” -гийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон бол Кувейтийн талаас Кувейтийн Аялал жуулчлалын газрын төлөөлөл, Аялал жуулчлалын холбоо, “ITL world travel”, “Hello Explorer”, “Eagle travel agency”, “Alraya kuwait”, “Al yousef tours”, “Dunia stores”, “Magic travel” тэргүүтэй Кувейтийн 7 компанийн 20 орчим төлөөлөгчид оролцож, B2B уулзалтууд хийж, хамтран ажиллах боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Форумын дараагаар Монгол, Кувейтийн компаниудын хооронд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Элчин сайдын яаманд зохион байгуулав. Энэ үеэр “Juulchin”, “A Star Mongolia”, “Ragusa” компаниуд дэлхийн олон орон нэн ялангуяа Булангийн 6 оронд өөрийн салбартай “ITL world travel” компанитай Кувейтийн жуулчдад зориулсан аяллын багц гаргах, тэднийг Монголд аялуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгүүдийг тус тус байгууллаа.