images

МОНГОЛ, КАТАРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2024-06-04

105

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Монгол, Катарын анхдугаар аялал жуулчлалын форумыг Катарын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Доха хотноо зохион байгуулав.

Тус форумыг нээж Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Катарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Аль-Квари нар нээж үг хэлэв. Элчин сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих бодлого, Гадаад харилцааны яам, Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулаад Монгол, Катарын хооронд энэ ондоо багтан шууд нислэг эхлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болох зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаатай холбогдуулан хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудыг B2B уулзалтууд хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бодитой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд энэхүү форумыг 2 жил тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж, дараагийн форумыг 2026 онд Улаанбаатар хотноо хийх тухай тэмдэглээд форумд оролцогчдод амжилт хүсэв.

Тэргүүн дэд дарга Мухаммад Аль-Квари Монголын аялал жуулчлалын төлөөлөгчид Катарт ирж, аялал жуулчлалын форумд оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчид харилцан солилцоход энэхүү форум чухал алхам болохыг онцлоод форумд оролцогчид бизнес түншээ олж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга З.Даваажав Монгол орон болоод Монголын аялал жуулчлалын талаарх ерөнхий мэдээлэл, виз, зэргийн талаарх илтгэл тавьсны дараагаар форумд оролцож буй Монголын аж ахуйн нэгж, компани тус бүр өөрсдийн үйл ажиллагаа, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.

Аялал жуулчлалын форумд Монголын аялал жуулчлалын компаниуд болох “Juulchin”, “Ragusa”, “A Star Mongolia” -гийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон бол Катарын талаас “Falcon travel”, “Darwish International”, “Madari travel”, “Embrace Doha”, “Explore Doha” зэрэг Катарын 7 компанийн 10 орчим төлөөлөгчид оролцож, B2B уулзалтууд хийж, хамтран ажиллах боломж бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Форумын төгсгөлд “Juulchin” компани “Falcon travel”, “Darwish International” компанитай харилцан жуулчид солилцох, хамтран ажиллах чиглэлээр Хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.