images

Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Аялал жуулчлалын асуудал хариуцсан Туслах дэд сайд Осама Аль-Михалтай уулзав.

Хэвлэлийн мэдээ

2024-05-30

96

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад жуулчлах жил болгон зарлаж энэ хүрээнд улс орнуудтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, олон улсын жуулчдыг Монгол Улсад татахад онцгойлон анхаарч буй талаар тэмдэглэв. Засгийн газрын бодлогын хүрээнд Элчин сайдын яамнаас санаачлан Монгол, Кувейтийн аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн цахим уулзалтыг 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уулзалтад Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, бусад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд болон Кувейтийн аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид болоод кувейтийн аялал жуулчлалын 5 компанийн төлөөлөгчид оролцсоныг мэдээлэв.

Дээрх уулзалтын дүнг харгалзан Элчин сайдын яамнаас санаачилга гарган Монгол, Кувейтийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хоёр орны хувийн аж ахуйн нэгж, компаниуд хооронд холбоо тогтоох, бодит үр дүнд хүрэх зорилгоор Кувейтийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 6 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт Монгол, Кувейтийн аялал жуулчлалын анхдугаар форумыг зохион байгуулахаар тогтож, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа тухай мэдээлэв. Тус форумд Монголын аялал жуулчлан мэргэжлийн холбоо, Монголд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 том компанийн төлөөлөл болоод Кувейтийн аялал жуулчлалын холбоо болон Кувейтийн аялал жуулчлалын компаниуд оролцох тухай мэдээлэхийн зэрэгцээ тус уулзалтад Туслах дэд сайд Осама Аль-Михал-ыг оролцож, үг хэлэхийг албан ёсоор урив.

Мөн Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн Засгийн газар хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хоёр тал харилцан солилцоод байгаа бөгөөд Кувейтийн талын хамгийн сүүлийн төсөлд монголын талаас саналаа нэмж ирүүлсэн төслийг гардуулж, тус хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Туслах дэд сайд Осама Аль-Михал Элчин сайдтай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд түүний үеэл болох Ахмад Аль-Михал Монгол Улсад очиж, Монголын нүүдэлчин амьдралын талаар баримтат кино хийж, түүгээрээ олон улсын фестивалиас олон шагналт байр авч байсан тухай мэдээлэв. Тэрээр аялал жуулчлалын форумд Кувейтийн Засгийн газрыг төлөөлж оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэхээс гадна хоёр орны хооронд яригдаж буй Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн тохиолдолд маш яаралтай хариуг бэлтгэн, ирэх 6 дугаар сардаа багтаан гарын үсэг зурахад бэлэн болгохоо нотлов.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны аялал жуулчлалыг салбарыг хөгжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахаар тохиролцлоо.