images

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захирлын орлогч Абдулазиз Аль-Салем -тай 5 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2024-05-22

85

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захирлын орлогч Абдулазиз Аль-Салем -тай 5 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн анхдугаар бизнес форумыг өнгөрсөн онд зохион байгуулахад кувейтийн бизнесийн төлөөлөгчдийн оролцоог хангаж, бүх талын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр бизнес форумын үеэр Монгол, Кувейтийн махны чиглэлээр бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны боломж бололцооны талаар санал солилцсоны дүнд харилцан айлчлал хийж, холбогдох үйлдвэр, байгууламжтай танилцсаны дараагаар худалдан авах, нийлүүлэх холбогдох гэрээ, санамж бичгүүдийг байгуулаад байгаа бөгөөд ЭСЯ-ны зүгээс халал гэрчилгээг Монголд олгох, тэрхүү гэрчилгээг Кувейтийн холбогдох байгууллагад бүртгүүлэх, Мал эмнэлгийн олон Улсын гэрчилгээг тохирох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн мах экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлснээр 7 дугаар сараас эхлэн монголоос Кувейт руу мах экспортолж эхлэхээр болоод байгаа тухай мэдээлэв.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласны хүрээнд тус Элчин сайдын яам аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын холбогдох жуулчны компаниудтай холбоо тогтоон ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниуд Кувейт Улсад ирж ирж кувейтийн жуулчны компаниудтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтыг Кувейтийн худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Абдулазиз Аль-Салем Кувейтийн танхимын зүгээс Кувейт, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн, Монголын аялал жуулчлалын компаниуд Эль-Кувейтэд ирэх тохиолдолд Кувейтийн аялал жуулчлалын компаниудыг урьж, танхимд хамтарсан уулзалт, B2B уулзалтуудыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Уулзалтын төгсгөлд талууд 6 дугаар сарын 5-ны өдөр хоёр орны аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын уулзалтыг зохион байгуулахаар тохирлоо.