images

Элчин сайд П.Сэргэлэн Арабын эдийн засгийн төлөөх Кувейтийн хөгжлийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр-тай 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр уулзав.

Хэвлэлийн мэдээ

2024-05-21

125

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиож буйг тэмдэглээд, хагас зуун жилийн энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд Кувейтийн сангийн оролцоо чухал ач холбогдолтой байдаг бөгөөд тус сангийн санхүүжилтээр эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд Монголын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч байдагт Монголын ард түмэн болоод Засгийн газар талархаж байдгийг онцлов. Кувейтийн сангийн шугамаар хамгийн сүүлд хэрэгжүүлсэн Түлэнхийн төвийн барилгын төсөл нь Монголын эрүүл мэндийн салбарт нэн чухал төсөл болсон бөгөөд тус төвөөр үйлчлүүлсэн өвчтөн, эмчлүүлэгч нар төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгааг дурдав.

Тэрээр цааш эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар – Хархорум чиглэлийн автозамыг өргөтгөж, шинэчлэн барихаар төлөвлөж байгааг мэдээлж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчид гардуулж, төслийн эхний хэсэг болох Улаанбаатар – Лүн чиглэлийн автозам барих төслийг Кувейтийн сангаар санхүүжүүлэх хүсэлтийг тавив.

Валийд Аль-Бахр Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн төслүүд бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хамгийн сүүлд хоёр орны хооронд төсөл хэрэгжүүлэх баримт бичигт талууд гарын үсэг зурснаас хойш 14 орчим жил өнгөрөөд байгаа тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засагт чухал, нэн тэргүүнд тавигдаж буй төслийг Кувейтийн санд тавьж байгааг талархан хүлээн авав. Тэрээр төслийг санхүүжүүлэх асуудлыг Кувейтийн сан зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд сангийн дотоод процедурын дагуу тухайн санхүүжилт хүсэж буй орон нь Сангийн яамаараа дамжуулан албан ёсны хүсэлт гаргах шаардлагатайг дурдаж, Монгол Улсын Сангийн яамнаас албан ёсны хүсэлтийг, хэдий хэмжээний санхүүжилтийг ямар хугацаанд тавьж байгааг хүссэн тодорхой мэдээллийн хамт ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг судалж, албан ёсоор хариу өгөхөө мэдээлэв. Түүнчлэн, төслийн дүн өндөр байгаа тул зарим хэсгийг арабын бусад сангуудаар санхүүжүүлэх боломжтой бөгөөд Кувейт сан зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Сангийн яамнаас холбогдох хүсэлт мэдээллийг ойрын хугацаанд авч төвд хүргүүлэхээ мэдэгдээд төслийн санхүүжилтийн асуудлаар Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчтэй ойр дотно хамтран ажиллахаа илэрхийллээ.