images

Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн “Аль-Жазира” хэвлэл, мэдээллийн сүлжээний Ерөнхий захирал Мустафа Суагтай уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2024-05-14

90

Элчин сайд П.Сэргэлэн өмнөх уулзалтуудын үеэр санал солилцсон Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласны хүрээнд Монголын соёл, зан заншил, ахуй амьдралыг Катар цаашлаад Булангийн болоод Ойрхи Дорнодын орнуудад сурталчлан таниулах, тус бүс нутгаас Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монголын соёл, нүүдэлчин өв уламжлалыг харуулсан баримтат кино хийх, контент харилцан солилцох чиглэлээр Аль-Жазира-тай хамтран ажиллах ажил хэрэгч саналыг тавив.

Ерөнхий захирал Мустафа Суаг “Аль-Жазира” Элчин сайдыг тодорхой саналуудтай ирсэнд талархал илэрхийлээд тус агентлагийн энэ оны контент бэлдэх хуваарь, төсөв хэдийн хуваарилагдсан тул баримтат кино хийх саналыг албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд холбогдох газартаа хүргүүлж, ирэх оны төсөвтөө суулган хамтран ажиллах асуудлыг судалж үзэхээ мэдэгдэв. Монгол Улсыг Аль-Жазигаар дамжуулан сурталчлан таниулах саналыг Ерөнхий захирал дэмжин хүлээн авсан бөгөөд Азербайжан, Турк зэрэг орнуудтай хамтран ажиллаж байсныг дурдаад Монгол Улсыг олон улсад нэн ялангуяа Ойрхи Дорнод, хойд африкийн бүс нутагт таниулан сурталчлахад Аль-Жазира чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлоод холбогдох хуваарь, төсвийн талаарх мэдээллийг Элчин сайдын яаманд ойрын хугацаанд хүргүүлэхээр тохиров.

Мөн Монгол Улсад болж буй томоохон үйл явдлыг очиж, сурвалжилга хийх замаар Монголыг сурталчлах боломжтойг мэдээлэв. Түүнчлэн, Монголын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг “Аль Жазира”-гийн хэвлэл, мэдээллийн институтэд урт, богино хугацааны сургалтуудад хамруулах, мөн тус институтээс Монгол Улсад мэргэжлийн баг ажиллуулж, сургалт зохион байгуулах боломжтойг тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын өв соёлын талаарх баримтат кино бэлтгэж, олон улсад таниулах ажилд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас контент бэлтгэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг авах, холбогдох санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улс 6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулах, 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхтэй холбогдуулан Аль-Жазийра-гийн мэдээний багийг Монгол Улсад очиж, дээрх арга хэмжээнүүдийг сурвалжлахыг урив. Түүнчлэн, Аль-Жазира-гийн оффисыг Улаанбаатарт нээх асуудлыг судалж үзэх хүсэлт тавив.

Мустафа Суаг Монгол Улсад болох хоёр томоохон арга хэмжээг сурвалжлах асуудлыг судалж үзэн эргэж хариу мэдэгдэхээр болов. Түүнчлэн, Аль-Жазира агентлаг төв Азид оффисоо нээхээр судалж байгааг мэдээлж, Элчин сайдын саналыг харгалзаж үзэхээ илэрхийлэв.