images

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан газрын захирал Юсуф Султан Ларамтай Катарын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2024-05-10

103

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад Азийн газраас бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлээд Монгол, Катарын хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, эдийн засаг, махны экспорт, Катар эйрвэйстэй явуулж буй хамтын ажиллагаа болоод энэ удаагийн Доха хотноо ажиллах хугацаандаа хийсэн уулзалтуудын дүнгийн талаар товч мэдээлэл өгөв.

Монгол Улсын Стандарт хэмжилзүйн газраас олгож буй халал гэрчилгээг Катарын Эрүүл мэндийн яамны Хүнсний газарт албан ёсоор бүртгүүлснээс гадна Монгол, Катарын холбогдох байгууллагууд олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохирсноор Монголоос Катар Улсад мах экспортлох эрх зүйн бүх нөхцөл бүрдсэн тухай мэдээлээд хоёр орны махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хооронд холбоо тогтоох ажлыг ЭСЯ-наас хийж, экспортыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар – Лүн чиглэлийн автозам барих төслийг Катарын сангаар санхүүжүүлэх хүсэлтийг тус санд гардуулж өгснийг мэдээлж, Гадаад хэргийн яамнаас энэ асуудалд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн энэ онд Элчин сайдын яамны зүгээс аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Катарын жуулчдыг Монгол Улсад аялуулж, үзэсгэлэн байгаль, соёл, нүүдэлчин өв уламжлалтай танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын аялал жуулчлалын компаниуд энэ сарын сүүлээр Катар Улсад хүрэлцэн ирж Катарын аялал жуулчлан компаниудтай холбогдох уулзалтуудыг хийхээр төлөвлөөд байгааг тэмдэглэв.

Захирал Юсеф Султан Ларам хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Элчин сайд идэвх санаачлага гарган ажиллаж, бодит үр дүнд хүрч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү харилцааг улам баяжуулан хөгжүүлэхэд Гадаад хэргийн яамны зүгээс бүх чиглэлээр үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Автозам барих төслийн санхүүжилтийн хувьд Катарын сантай холбогдож, төслийн мэдээллийг авах, нааштайгаар шийдвэрлүүлэхэд холбогдох дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, махны экспортыг эхлүүлэх зэрэг ЭСЯ-ны санаачилсан ажилд шаардлагатай дэмжлэгийг Гадаад хэргийн яамны зүгээс үзүүлж ажиллана гэдгээ нотлов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд хоёр талын харилцан солилцоод буй баримт бичгүүдийн жагсаалтыг гардуулж, эдгээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох чиглэлээр Азийн газартай ойр дотно хамтарч ажиллахаар тохиролцлоо.