Элчин сайд П.Сэргэлэн “Катар Эйрвэйс” компанийн агаарын зохицуулалт, корпорарцийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатхи Атта-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Катар эйрвэйсийн Ерөнхий захирал асан Акбар Аль-Бакертай хийсэн уулзалтын дүнд Монголоос Катар эйрвэйст ажиллах залуучуудыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулсанд талархал илэрхийлээд сонгон шалгаруулалтад тэнцсэн 6 Монгол залуус Дохад ирж сургалтдаа хамрагдсаны дараагаар нислэгтээ гараад байгаа бол 3 охин сургалтдаа хамрагдаж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн, Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, Катарын Үндэсний агаарын тээвэрлэгч Катар Эйрвэйс компани хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монголын агаарын хөлөг онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтнууд, бүхээгийн ажилтнуудыг “Катар Эйрвэйс”-ийн шугамаар бэлтгэх, дадлагажуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны Үндэсний агаарын тээвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэх хэрээр иргэний агаарын тээврийн чиглэлээр суралцсан Монгол залуус Катар эйрвэйс-т ажиллах боломж, бололцооны талаар тодруулж Элчин сайдын яаманд хандах болсныг мэдээлж, эдгээр залууст зориулсан ажлын байрны талаар тодруулав.
Түүнчлэн, Элчин сайд Монгол Улсаас Катар, цаашлаад Булангийн орнууд руу ойрын хугацаанд махны экспорт эхлүүлэхээр төлөвлөөд байгаагаас гадна хоёр орны хооронд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэхээр тодорхой ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд хоёр орны хооронд шууд нислэгийн асуудал хийгдэж эхлэх нь чухал байгааг мэдээлж, Катар эйрвэйсийн зүгээс хоёр орны хооронд шууд нислэг хийх асуудлын явцын талаар тодруулж мэдээлэл хүсэв.
Дэд Ерөнхийлөгч Фатхи Атта Элчин сайд болон Элчин сайдын яамны зүгээс хоёр орны иргэний агаарын тээврийн хамтын ажиллагаанд анхаарал тавин идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монголоос бүхээгийн ажилтан сонгон шалгаруулалт амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд дахин ижил төрлийн сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Катар эйрвэйс Монголоос газрын үйлчилгээний мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудыг авах болоод Элчин сайдын яамнаас гаргаж буй шинэ санал, санаачилгаа албан ёсоор ирүүлсэн нөхцөлд судалж үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд хийгдэх шууд нислэгийн тухайд Катар эйрвэйсийн зорчигч тээврийн хөлөг онгоцны хүртээмж одоогийн байдлаар хангалттай бус байгаа тул Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх асуудлыг түр хугацаанд хойшлуулаад байгаа талаар мэдээлэв. Харин Монголын агаарын тээвэрлэгч Доха чиглэлд нислэг үйлдэх тохиолдолд Катар эйрвэйсийн зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахад бэлэн байгааг нотлов.
Агаарын ачаа тээврийн хувьд хамтран ажиллах боломжтой бөгөөд ачааны багтаамж, жин, 7 хоногт нисэх давтамж зэргийн талаар тодорхой мэдээллүүдийг Элчин сайдын яамнаас ирүүлсэн тохиолдолд холбогдох хэлтэст хүргүүлэн судалж, хариу өгөхөө мэдэгдэв.