images

Элчин сайд П.Сэргэлэн “Qatar meat production” компанийн Ерөнхий захирал Саирд Зишм-тэй уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2024-05-09

94

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Стандарт хэмжилзүйн газар халал гэрчилгээг олгох Магадлан итгэмжлэлийг Булангийн магадлан итгэмжлэлийн төвөөр хийлгэж, гэрчилгээгээ 2023 оны 12 дугаар сард авсан бөгөөд тус халал гэрчилгээг Катарын Эрүүл мэндийн яамны Хүнсний газарт 2024 оны 4 дүгээр сард албан ёсоор бүртгүүлснээс гадна Монгол, Катарын холбогдох байгууллагууд олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохирсноор Монголоос Катар Улсад мах экспортлох эрх зүйн бүх нөхцөл бүрдсэн тухай мэдээлэв.

Мөн тэрээр Монголын мал аж ахуй болон монгол махны онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Монголын мах экспортлогч компаниуд Катар цаашлаад булангийн орнууд руу сэрвээсэн болон хөлдүү үхэр, хонь, ямаа, тэмээний махыг халал стандартын дагуу бүх төрлөөр бэлдэж, урт хугацаанд ханган нийлүүлэлт хийхэд бэлэн байгаа талаар мэдээлэв.

Ерөнхий захирал Саир Зишм “Qatar meat production”-ийн үйл ажиллагааны талаар ерөнхий танилцуулгыг өгөхөөс гадна тус компани Австрали, Бразил, Кени, Өмнөд Африк, Румын зэрэг орноос их хэмжээгээр мах импортоор авдаг тухай мэдээлэв. Мөн тэрээр “Qatar meat production” компани Монголоос хөлдөөсөн болон сэрвээсэн үхэр хонины махыг боломжит үнээр нийлүүлэх саналыг ирүүлсэн нөхцөлд “CIF” буюу Зардал, даатгал, тээврийн гэрээг илгээгч хариуцах нөхцлөөр худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Саир Зишм бусад орнуудаас импортоор авч буй махны үнийн жагсаалтыг ЭСЯ-ны ажлын хэрэгцээнд хүргүүлэх, Элчин сайд П.Сэргэлэн Монголын томоохон мах экспортлогч компаниудыг “Qatar meat production” компанитай холбоо тогтоож өгөхөд дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.