Элчин сайд П.Сэргэлэн Катарын мэдээллийн агентлаг (Qatar news agency)-ийн Ерөнхий захирал Ахмад бин Саид Аль-Румайхитай уулзалт хийв.
Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны чухлыг онцлоод Катарын мэдээллийн агентлагаас Монгол Улсын Үндэсний мэдээллийн агентлагтай холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд “МОНЦАМЭ” агентлагаас хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлыг талархан хүлээн авч хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлснийг мэдээлэв. Түүнчлэн, Элчин сайдын яамны зүгээс Катарын мэдээллийн агентлагтай хамтарч, Монголын түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчлан таниулах, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаанд өрнөж буй томоохон арга хэмжээ, үйл явдлыг сурталчлах, хоёр орны хооронд хамтран ажиллах боломж, бололцооны талаарх тодорхой мэдээллүүдийг Катарын ард түмэнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий захирал Ахмад бин Саид Аль-Румайхи Катарын мэдээллийн агентлагийн талаар товч танилцуулаад Монгол Улстай хэвлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд ойрын хугацаанд баримт бичгийг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсыг Катарт сурталчлан таниулах, томоохон арга, хэмжээний тухай мэдээ гаргах, хоёр орны харилцааны асуудлаар Элчин сайдаас тусгай сурвалжилга авч нийтлэх бүрэн боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, Катарын мэдээллийн агентлаг нь сургалтын төвтэй бөгөөд тус төвд Монголын хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг сургах, Монголд баг илгээн сургалт явуулах бүрэн боломж байгааг дурдав.
Катарын мэдээллийн агентлаг нь 1975 онд байгуулагдсан төрийн өдөр тутмын мэдээллийн агентлаг бөгөөд дэлхийн 29 оронтой хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хамтран ажилладаг байна.