Элчин сайд П.Сэргэлэн Дарвиш аялал жуулчлалын компанийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд Маркетингийн албаны захирал Нассер Аль-Дарвиштай уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарлаад байгааг мэдээлж, энэ хүрээнд Элчин сайдын яамнаас энэ онд Монгол, Катарын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Катарын жуулчдыг Монгол Улсад аялуулж, үзэсгэлэн байгаль, соёл, нүүдэлчин өв уламжлалтай танилцуулах чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн, Элчин сайдын яамнаас санаачлан Монголд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж буй, туршлагатай Монголын томоохон 5 компанийн төлөөлөл 5 дугаар сарын сүүлээр Доха хотноо ирж, Катарын аялал жуулчлалын компаниудтай уулзалт хийх, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөөд байгаа тул төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар мэргэжлийн түвшинд дэлгэрэнгүй санал солилцох саналыг тавив.
Нассер Аль-Дарвиш Дарвиш аялал жуулчлалын компани нь 1950 онд байгуулагдсан бөгөөд 20 орчим авиа компанийн нислэгийн тийзийг албан ёсны эрхтэйгээр захиалах, Катараас жуулчдыг илгээх мөн гадаадаас жуулчид хүлээж авах үйлчилгээг үзүүлдэг талаар танилцуулав. Монгол Улстай өмнө нь хамтран ажиллаж байгаагүй шинэ чиглэл тул аялал жуулчлалын боломжийг судлах, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон компаниудын төлөөллийг компани дээрээ хүлээн авч уулзан хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.