images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ОРЛОГЧ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-05-07

68

Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн Төсөл хариуцсан газрын орлогч захирал Султан Аль-Асийритай 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалын талаар зарим мэдээлэл өгөв. Тэрээр цааш нь Катарын сантай хамтран төсөл хэрэгжүүлснээс хойш 18 жил өнгөрснийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай тогтоолын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар – Хархорум чиглэлийн автозамын өргөтгөн шинэчлэн барихаар төлөвлөж байгааг мэдээлж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Элчин сайдын яамны албан ноотын гардуулав. Элчин сайд П.Сэргэлэн энэхүү төслийн эхний хэсэг болох Улаанбаатар – Лүн чиглэлийн автозам барих төслийг Катарын сангаар санхүүжүүлэх хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас тавьсныг мэдээлж, төслийг бүх шатанд сайтар судлан үзэж, хариу мэдээлэхийг хүсэв.

Султан Аль-Асийри Элчин сайдыг дахин хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг удирдлагын түвшинд судалж үзэхээ илэрхийлэв. Түүнчлэн автозам барих төслийг Арабын орнуудын хөгжлийн сангууд гишүүнээр байдаг Арабын зохицуулах группт төслийг Монгол Улсын Засгийн газраас тавьсан тохиолдолд Хөгжлийн сангууд хамтран тус төслийг санхүүжүүлэх боломжийг судалж үзэх боломжтой тухай мэдээлэв. Мөн тэрээр Катарын сангаас санхүүжилт олгох нэг шаардлага нь санхүүжилт авагч орон нь тухайн төслийн зарим хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлэх гэж заасан байдаг тул Монгол Улсын Засгийн газраас энэхүү төсөлд хөрөнгө гаргаж байгаа эсэхийг тодруулав.

Элчин сайд П.Сэргэлэн замын төслийн хэдэн хувийг Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөс гаргах тухай мэдээллийг ойрын хугацаанд албаны шугамаар авч хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн тэрээр тус автозам барих төслийг Кувейтийн санд ойрын хугацаанд тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд талууд төслийн асуудлаар ойр дотно нягт холбоотой ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тохиролцлоо.