images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЕКАН-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2024-05-05

105

Элчин сайд П.Сэргэлэн 5 дугаар сарын 5-ны өдөр Кувейтийн Их сургуулийн оюутнуудын асуудал хариуцсан Декан Др. Жассим Аль-Хамдан-тай уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Их сургуулийн Араб хэлний бэлтгэлд Монголын 2 оюутныг жил бүр тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийлээд энэхүү тоог нэмэгдүүлэх, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулан Монголын оюутнуудыг Кувейтийн Их сургуульд газрын тос, мэдээллийн технологи, бизнесийн удирдлага болон бусад чиглэлээр Кувейтийн Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах боломжийг судалж үзэхийг хүсэв.

Мөн Монгол Улсын Их сургууль, Кувейтийн Их сургуультай хамтран багш, судлаач, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны төслүүд дээр ажиллах, шилдэг залуу эрдэмтэн судлаачдад зориулсан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Харилцан ойлголцлын санамж бичгийн төслөө хүргүүлээд байгааг дурдаад энэхүү Санамж бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Др. Жассим Аль-Хамдан Кувейтийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль хооронд багш, судлаач харилцан солилцох, хамтарсан семинар арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтран ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Санамж бичгийн төслийн хариуг ойрын хугацаанд хүргүүлж, Санамж бичгийг байгуулахад анхаарал тавихаа нотлов. Мөн тэрээр Кувейтийн Их сургуульд суралцаж байсан, суралцаж байгаа Монгол оюутнууд анги хамт олондоо нэр хүндтэй, хичээл сурлага сайтай байдгийг онцлоод, араб хэлний бэлтгэлд суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, Кувейтийн Их сургуульд бакалаврын тэтгэлгээр оюутан сургах асуудлаар албан ёсоор Элчин сайдын яамнаас ноот ирүүлсэн тохиолдолд Их сургуулийн зөвлөлийн хурлаар оруулж, нааштайгаар шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Их сургуулийн номын санд өгч буй Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Ням-Осорын “Эзэн Чингис хааны их засаг хууль” номын англи хэл дээрх хувилбарыг Др. Жассим Аль-Хамдан-д гардуулан өгөв.