images

Элчин сайд П.Сэргэлэн “Al rai - الراي” өдөр тутмын сонины редактор Халид Аль-Шаркавиг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав

Хэвлэлийн мэдээ

2024-04-25

93

Элчин сайд П.Сэргэлэн “Al rai - الراي” -тай Монгол Улсыг Кувейтийн ард түмэнд сурталчлан таниулах зорилгоор Монголын соёл урлаг, нүүдэлчдийн өв уламжлал болон аялал жуулчлал, бизнес, хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх нийтлэлүүдийг тус сонины хэвлэмэл хувилбар, цахим болон сошиал хуудсанд тогтмол нийтлүүлэх хэлбэрээр хамтран ажиллах санал тавьж, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Халид Аль-Шаркави “Al rai - الراي” нь Кувейтийн хамгийн анхны бөгөөд хамгийн олон уншигчтай араб хэл дээр мэдээгээ нийтэлдэг өдөр тутмын сонин болохыг мэдээлээд Кувейтийн уншигчдын сонирхлыг татах Монголын онцлогуудын талаар Элчин сайдаас тусгайлан ярилцлага авч нийтлэн гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Халид Аль-Шаркави “Al rai - الراي” -гаас гадна Кувейтийн олон уншигч бүхий “Q8-press” цахим сонинд 7 хоногт 3 удаа Монгол Улсын тухай нийтлэлийг зураг, бичлэгийн хамт гаргах, баннер байршуулах хэлбэрээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд “Al rai - الراي” болон “Q8-press” -тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Улсыг сурталчлах, Монгол - Кувейтийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Al rai - الراي” нь 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Кувейтийн хамгийн том өдөр тутмын сонин юм. Тус сонин цахим хуудас нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутагтаа хандалтын тоогоор 8-т жагсдаг.