МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Кувейт Улсын Эль-Кувейт хотноо зохион байгуулагдсан Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” дивизоны “АВАРГА” болсон Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, эмч, арын албаны хүмүүсийг Элчин сайдын яаманд хүлээн авч, баяр хүргэв.
Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж, эх орныхоо төрийн далбааг мандуулан спортын өндөр амжилт үзүүлсэн Хоккейн үндэсний шигшээ багийн хамт олонд цаашдын олон улсын тэмцээн, уралдаанд нь амжилт хүсэж, Монголын хоккейн холбоонд ЭСЯ-ны дурсгалын зүйлийг гардуулан өглөө.
2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Кувейт Улсын Эль-Кувейт хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд Монгол, Кувейт, Индонез, Малайз улсын баг, тамирчид тойргоор тоглож, дараах үр дүнгээр Монгол Улсын шигшээ баг Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” дивизоны аварга болсон.
Монгол 9 – Индонез 3
Монгол 5 – Кувейт 2
Монгол 14 – Малайз 2
Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны нийт албан хаагч үзэж сонирхон Үндэсний шигшээ багаа дэмжиж оролцов.