images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “PROOPEC” КОМПАНИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2024-04-17

109

Элчин сайд П.Сэргэлэн газрын тос, байгалийн хий, дизель түлшний чиглэлээр бизнес эрхэлдэг Кувейтийн “ProOpec” компанийн Гүйцэтгэх захирал Ахмад Аль-Мутайритай Элчин сайдын яаманд уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод монголын эдийн засаг, уул уурхайн салбарын талаар товч танилцуулаад Элчин сайдын яамны хувьд хоёр орны хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлэв. Энэ зорилтын хүрээнд Монголын хувийн хэвшлийн компаниудыг Кувейтийн хувийн хэвшлийн компаниудтай холбоход анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд Монголын нэр бүхий компаниудаас “ProOpec”-тэй хамтран ажиллах хүсэлт гаргасныг мэдээлж, хамтран ажиллах хүсэлтийн хуулбарыг гардуулж өгөв.

Гүйцэтгэх захирал Ахмад Аль-Мутайри өнгөрсөн онд зохион байгуулагдсан Монгол-Кувейтийн бизнес форумд оролцож байсан бөгөөд Монголын хөдөө аж ахуй, махны экспортын талаар тодорхой мэдээлэл өгсөн чухал арга хэмжээ болсныг дурдав. Тэрээр цааш нь өөрийн компанийн талаар товч танилцуулж, газрын тосны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах Монголын аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд ирүүлсэн хүсэлтүүдийг ойрын хугацаанд судалж үзэн хариу өгөхөө мэдэгдэв. Тус компанийн хувьд газрын тос, байгалийн хий худалдан авч бүс нутгийн орнуудад түгээн борлуулалт хийдэг аж.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн хүсэлт гаргасан Монголын компаниудад уулзалтын талаарх мэдээллийг өгч “ProOpec” компанитай шууд холбоо тогтоон ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.