images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-04-17

91

Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн аялал жуулчлалын холбооны дэд Ерөнхийлөгч Мариям Аль-Кандари, Аялал жуулчлалын чиглэлээр контент бэлгэдэг, инфлүнзер Шуг Аль-Ширази нартай 4 дүгээр сарын 16-ны өдөр Элчин сайдын яаманд уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулсны дараагаар Монгол Улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, энэ чиглэлээр ажилласны үр дүнд 2023 онд Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо нэмэгдэж 650,000-д хүрсэн талаар мэдээлэл өгөв. Мөн 2024 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласантай холбогдуулан Элчин сайдын яамны зүгээс Монгол- Булангийн орнууд тэр дундаа Кувейт, Катар, Бахрейнтай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг төр засаг болон хувийн хэвшлийн түвшинд нэмэгдүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгааг мэдээлэв.

Дээрх зорилтын хүрээнд Монголд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө буюу 5 дугаар сарын эхээр Монголоос аялал жуулчлалын томоохон компаниудын төлөөллийг Кувейт Улсад авчран Монгол – Катар, Кувейтийн аялал жуулчлалын компани аж ахуйн нэгжүүдийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж, тус уулзалтыг зохион байгуулахад хамтарч ажиллахыг санал болгов.

Шуг Аль-Ширази-гийн хувьд аялал жуулчлалын контент бэлтгэж сошиал хуудсаараа дамжуулан кувейтийн иргэдэд хүргэдэг тул Монгол Улсад Мариям Аль-Кандари хамтаар очиж, контент бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр аялал жуулчлалын компанитай бөгөөд тухайн орны аялал жуулчлалын компанитай хамтран Кувейтээс жуулчдыг группээр багцалж аялуулдаг бөгөөд Монгол руу жуулчид илгээх асуудалд хамтран ажиллах мөн 5 дугаар сард зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулахад хамтарч ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Кувейтийн аялал жуулчлалын холбооны дэд Ерөнхийлөгч Мариям Аль-Кандари Элчин сайдын санаачлагыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд Монгол, Кувейтийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр Элчин сайдтай ойр дотно ажиллах, 5 дугаар сарын зохион байгуулагдах арга хэмжээнд кувейтийн аялал жуулчлалын компаниудыг оролцуулахад онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Шуг Аль-Ширази, Мариям Аль-Кандари нарыг 6 дугаар сарын эхээр Монголд очин өөрсдийн аяллын контент, дүрс бичлэгийг бэлтгэхийг санал болгоод Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамны зүгээс бүх талаар хамтарч ажиллах, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрээр энэхүү хамтын ажиллагаа нь бодитой үр дүнд хүрч Кувейтийн жуулчид 7 дугаар сард Монголд ирж, Монголын онгон дагшин байгальд аялж, Монголын түүх, нүүдэлчдийн өв соёл, аж амьдралтай биечлэн танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Элчин сайдын яамны зүгээс Монголын аялал жуулчлалын зарим статистик мэдээллийг пресентази хэлбэрээр танилцуулахаас гадна “Welcome to Mongolia”-гийн хүрээнд хийгдсэн богино хэмжээнүүдийг бичлэгийг үзүүлэв.